Гол зорилгоо давуулан биелүүлсэн ч багахан хэмжээний харуусал дагуулсан Английн Премьер Лигийн 2013/14 оны улирал өндөрлөлөө. Аваргуудын лигт оролцохыг зорилгоо болгож эхлүүлсэн Ливэрпүүл, улирлын төгсгөл хүртэл аваргын төлөө өрсөлдөж, 2-хон оноогоор хоцорч барианд орсон.
2 дахь жилдээ Ливэрпүүлд ажиллаж буй Брэндан Рожэрс хэзээ нэгэн цагт Ливэрпүүлийг дахин сэргээх нь тодорхой байсан ч ийм богино хугацаанд багаа аваргын төлөөх өрсөлдөөнд оруулна чинээ санаагүй болов уу. Түүнээс гадна Брэндан Рожэрсийн Ливэрпүүл энэ улирлын хамгийн хүчирхэг, довтолгоо зонхилсон, гоёмсог хөлбөмбөгийг үзүүлсэн бөгөөд давхар маш олон рекорд амжилтуудыг шинэчлэн тогтоосон билээ.
Ингээд гайхалтай түүхэн улирлынхаа сонирхолтой статистикийг багцлан хүргэж байна.

Улирлын нээлтийн тоглолтын төгсгөлийн мөчид Симон Минолье Стоукын пеналтийг амжилттай хааж, улмаар багийнхаа 3 оноог баталгаажуулан, ганган эхлэлийг тавьсан билээ. Тэрээр дебют тоглолтондоо торгуулийн цохилт амжилттай хаасан Ливэрпүүлийн анхны хаалгач болсон байна.
1994/95 оны улирлаас хойш анх удаагаа лигийн эхний 3 тоглолт дараалан ялалт байгуулсан.
Симон Минолье эхний 3 тоглолтондоо хаалгаа хуурай манасан Ливэрпүүлийн 3 дахь хаалгач болон бүртгэгджээ.
Ливэрпүүл эхний 3 тоглолт дараалан ялалт байгуулахдаа 1:0 -ээр хожиж байсан нь түүхэн дэх анхны тохиолдол болжээ. Түүгээр ч зогсохгүй эдгээр гоолуудыг зөвхөн Даниэл Старриж ганцаараа оруулсан нь түүхэн амжилтанд тооцогдож байна.
Даниэл Старриж лигийн эхний 4 тоглолт дараалан гоолдсон Ливэрпүүлийн 4 дэх тоглогч болжээ. Хамгийн сүүлд ийм амжилтыг 1987 онд Жон Олдриж үзүүлж байсан юм.
Ливэрпүүлийн ахлагч Стивэн Жэррард Кристал Паласын эсрэг өнгөрсөн улирлын анхны гоолоо оруулсан. Ингэснээр тэрээр 15 улирал дараалан гоолдсон Ливэрпүүлийн анхны тоглогч болсон байна.
Ньюкастлын эсрэг ахлагч маань гоол оруулснаар лигт 100 гоолын босго давсан Улаануудын 12 дахь тоглогч болсон юм.
Даниэл Старриж Вэст Бромвич Албионы эсрэг гоол оруулснаар лигийн эхний 9 тоглолтын 8-д нь гоол оруулсан Ливэрпүүлийн 2 дахь тоглогч болсон.

Өнгөрсөн 12-р сард Луис Суарэз Норвичийн эсрэг хэт-трик /покер/ хийснээр нэг багийн эсрэг 3 удаа "гурамсан гоол" оруулсан Ливэрпүүлийн анхны тоглогч болсон.
Түүнээс гадна энэ үзүүлэлт нь Премьер лигт ч анхных болж тэмдэглэгдсэн байна.
Өнгөрсөн 12-р сард Вэст хэмийн хаалганд 4 гоол оруулсан. Ингэснээр лигийн 4 тоглолт дараалан 4 буюу түүнээс дээш гоол оруулсан 7 дахь тохиолдол болон бүртгэгджээ.
Мөн 12-р сард Тоттэнхэмийг талбайд нь 5:0 -ээр бут ниргэсэн. Энэ нь Тахиануудыг үүрэнд нь бусниулсан хамгийн том хожил болсон байна.
Луис Суарэз Кардиффын эсрэг гоолдсноор, 5 тоглолт дараалан 2 буюу түүнээс дээш гоол оруулсан Ливэрпүүлийн анхны тоглогч болсон байна.
1994/95, 1995/96 оны улиралд Робби Фаулэр лигтээ 20-иос дээш гоол оруулж байсан. Түүнээс хойш Луис Суарэз ийм амжилтанд хүрсэн Ливэрпүүлийн анхны тоглогч болжээ.
Луис Суарэз эхний 20 гоолоо оруулахдаа ердөө 15-хан тоглолт зарцуулсан. Энэ нь мэдээж Премьер лигийн түүхэнд урьд хожид байгаагүй хурдан үзүүлэлт юм.
Ливэрпүүл хамгийн сүүлд 1972 онд хөршүүдээ 4:0 -ээр бут ниргэж гомдоож байжээ. Энэ амжилтаа 42 жилийн дараа давтсан байна.
Фулхэмийн хаалганы торыг Даниэл Старриж хөдөлгөснөөр 8 тоглолт дараалан гоолдсон Ливэрпүүлийн 3 дахь тоглогч болсон. Өмнө нь 1924/25 онд Дик Форшоу, 1988/89 онд Жон Олдриж ийм амжилт үзүүлжээ.
Стивэн Жэррард Манчэстэр юнайтэдийн эсрэг лигийн тэмцээний хүрээнд 8 дахь гоолоо оруулснаар Дик Форшоу-ийн амжилтыг эвдэж "Чөтгөрийн ангууч" цолыг эзэмших болсон.

Луис Суарэз Кардифф ситигийн эсрэг хэт трик хийсэн Ливэрпүүлийн анхны тоглогч болсон.
1963/64 оны улирлаас хойш анх удаагаа лигийн тэмцээнд Ливэрпүүлийн 2 тоглогч 20+ гоол оруулсан.
Даниэл Старриж лигийн 37 тоглолтонд 30 гоолыг оруулж чадсан Ливэрпүүлийн анхны тоглогч болсон.
Ливэрпүүл өнгөрсөн улиралд 4 буюу түүнээс дээш гоолыг 11 тоглолтонд оруулжээ. Энэ нь Премьер лигийн дээд рекорд болж шинэчлэгдсэн бөгөөд өмнө нь энэ амжилтыг Ман ютд /10/ эзэмшиж байсан.
Стивэн Жэррард өнгөрсөн улиралд 10 удаа торгуулийн цохилтыг амжилттай болгосон. Ингэснээр 42 пеналт амжилттай гүйцэтгэсэн Иан Мёлбигийн амжилттай зэрэгцсэн байна.
Ливэрпүүл лигийн тоглолтын хүрээнд хамгийн сүүлд Анфилддаа 50 гоолыг 1985/86 оны улиралд оруулжээ. Уг амжилтаа 28 жилийн дараа 53 гоол болгож ахиулсан байна.
Улаанууд өнгөрсөн улиралд лигтээ 101 гоол оруулсан нь түүхэн амжилт болсон нь эргэлзээгүй. 1895/96 оны улиралд лигтээ 106 гоол оруулсан нь Ливэрпүүлийн рекорд амжилтанд тооцогддог юм.
Ливэрпүүл өнгөрсөн улиралд лигтээ 3 тоглолтонд л гоолдож чадаагүй. Ийм амжилтыг өмнө нь 1957/58 оны улиралд үзүүлж байжээ.
Ливэрпүүл лигтээ 11 тоглолт дараалан хожил байгуулсан нь рекорд үзүүлэлт болсон байна.
Ливэрпүүл лигийн 25 тоглолт дараалан гоол оруулсан нь рекорд амжилт болсон байна.
Ливэрпүүл 59 гоолыг эхний хагаст оруулсан нь рекорд амжилт болжээ.
1987/88 оны улирлаас хойш анх удаагаа Ливэрпүүл лигтээ 26 тоглолтонд ялалт байгууллаа.
Луис Суарэз 1986/87 оны Иан Рашаас хойш анх удаагаа лигтээ 30 гоол оруулсан тоглогч болсон.

Ливэрпүүл 6 зочлон тоглолт дараалан ялалт байгуулсан амжилттаа өнгөрсөн улиралд давтсан. Хэрвээ Кристал Паласт сүүлийн 10 минутанд 3 гоол алдаагүй байсан бол энэ амжилтаа эвдэх байжээ.
1987/88 оны улиралд 10 пеналт амжилттай болгосон рекордтой зэрэгцсэн.
Стивэн Жэррард 10 пеналт амжилттай гүйцэтгэсэн Жон Олдрижийн амжилттай зэрэгцсэн.
Луис Суарэз өнгөрсөн улиралд 31 гоол оруулж, Премьер лигийн Алтан шаахай хүртсэн Ливэрпүүлийн анхны тоглогч болсон.
Брэндан Рожэрс Ливэрпүүлийг удирдсан лигийн 68 дахь тоглолтондоо 150 дахь гоолоо оруулсан. Ийм хурдан амжилтыг өмнө нь ямар ч дасгалжуулагч үзүүлж байгаагүй аж.

Премьер лиг 38 тойрогтой болсноос хойш хамгийн олон буюу 31 гоол оруулсан Алан Ширьер, Криштиану Роналду нарын амжилттай Луис Суарэз эн зэрэгцлээ.
Ливэрпүүл өнгөрсөн улирлын 21 тоглолтонд 3 буюу түүнээс дээш гоол оруулсан нь Премьер лигийн рекорд амжилт болжээ.
Ливэрпүүл зочлон тоглолтдоо 48 гоол оруулсан нь Премьер лигийн дээд амжилт болсон байна.
Даниэл Старриж өнгөрсөн улирлын 19 тоглолтонд гоол оруулсан нь 1994/95 онд Робби Фаулэрийн амжилттай зэрэгцсэн байна.
Улаанууд өнгөрсөн улиралд Премьер лигийн бусад 19 багаас 18 -ыг нь буулган авсан.
Түүхэн статистикийг харвал Ливэрпүүл өнгөрсөн улиралд 101 гоол оруулсан нь түрүүлж болох хангалттай үзүүлэлт байжээ. Учир нь өмнөх 114 лигийн аваргуудын 14-т жагсах амжилтыг 101 гоол оруулснаараа тогтоосон байна.
Ливэрпүүл Премьер лигийн түүхэн дэх хамгийн олон буюу 51 гоолын зөрүүгээ өнгөрсөн улиралд тогтоожээ.
Ливэрпүүл Анфилддаа 16 ялалт байгуулсан нь 1985/86 оны улирлаас хойшхи том амжилт болсон байна.
Премьер лигийн түүхэн дэх хамгийн том үсрэлтийг Брэндан Рожэрсийн Ливэрпүүл өнгөрсөн улиралд хийж чадлаа. Учир нь өмнөх улиралд нь лигтээ 7-р байр эзлэж байсан баг дараа жил нь үнэмлэхүй амжилт гаргаж, аваргын төлөө эцсийн мөч хүртэл өрсөлдсөн тохиолдол Премьер лигийн түүхэнд урьд хожид тохиож байгаагүй гэнэ.

Гайхалтай олон ялалт, рекорд амжилтыг шинэчлэн тогтоож, Европ даяар эргэн ирэлтээ дахин зарласан Ливэрпүүлийн нэгэн он жилийн гэрч болсондоо баяртай байна. Ирэх жилд энэ гаргасан амжилтаа бататгаж, улам ахиулахын төлөө зүтгэнэ гэдэгт огтхон ч үл эргэлзсэн сэтгэлээр уг бичвэрээ өндөрлөе.