Луис Суарэз The Mirror сонины сурвалжлагч Ричард Бийчид (Richard Beech) өгсөн ярилцлагадаа өөрийн ирээдүй болон Английн шигшээтэй тоглох талаар ярьжээ.
Өөрийн имижийг бүрэн өөрчилж, үзүүлж буй тоглолтоороо үнэлэгдэж эхлэх нь таны өөрийн шийдвэр байсан уу?
Хэдэн жилийн дараа миний хүүхдүүд интэрнэтээс аав нь юу хийснийг харахад хэцүү байх болов уу гэж бодсон учраас би тэднийхээ төлөө өөрийгөө өөрчлөхөөр шийдсэн. Миний эргэн тойрныхон үүнд маш их тусласан л даа. Гэхдээ уг нь бол би талбайн гадна их тайван хүн байгаа юм.
Өнгөрсөн улиралд та 31 гоол оруулсан. Аль нь сэтгэлд чинь хамгийн тод үлдсэн бэ?
Би довтлогч болохоор багтаа туслахын төлөө бүхнийг хийдэг л дээ. Гэхдээ миний хувьд өнгөрсөн улирлын хамгийн чухал гоол бол Филиппэ Коутиньогийн Манчестер Ситигийн хаалганд оруулсан гоолыг нэрлэнэ. Улирлын хамгийн сайхан мөч байсан.
Таны хувьд Робби Фаулэрын клубын рекордыг эвдэх, 30 гоолын босгыг давах нь ямар ач холбогдолтой байсан бэ?
Хэдхэн жилийн өмнө би Ливэрпүүлийн тоглолтуудыг үзэж, Робби Фаулер миний хувьд тус багийн түүхэнд хамгийн шилдэг довтлогч байсан болохоор надад маш гайхалтай хэрнээ маш гэнэтийн зүйл болсон шүү. Премьер Лигт нэг ч пеналт цохилгүйгээр 31 гоол оруулна гэдэг хэцүү учир мэдээж энэ бол сайхан мэдрэмж байлаа. Мөн миний хувьд маш чухал амжилт мөн.

Даниэл Старриж шиг хамтрагчтай байх ямар байдаг вэ? Тэр сайн довтлогч уу?
Тэр бол гайхамшигтай тоглогч гэдгийг бүх хүн мэднэ. Магадгүй тэр манайд ирсэн нь зөв сонголт болсон байх. Бид хоёр хоёулаа багтаа туслахыг хичээдэг. Бас хоёулаа гоол оруулах дуртай, хоёулаа талбайн аль ч хэсгээс адилхан “буудаж” чадна. Бид хоёр хамт тоглож байгаа цагт Ливэрпүүл үргэлж хөл дээрээ бат зогсоно гэдгийг би мэднэ.
Одоо та анх Английн хөлбөмбөгт хөл тавьж байснаасаа өөр хүн болсон уу?
Тиймээ. Би их өөрчлөгдөж илүү тайван болсон. Зарим хүн намайг их зантай, эсвэл ааштай, байнга гараа савлаж, эсэргүүцлээ илэрхийлж байдаг гэж ярьдаг болов уу. Харин гэртээ ирэхэд миний гэргий намайг маш тайван, зөөлөн хүн гэдгийг мэддэг. Бас хүүхдүүдтэйгээ тоглох маш дуртай, би тэдэнтэйгээ хэзээ ч тиймэрхүү юм ярьдаггүй. Гэхдээ талбай дээр болон талбайн гадна хоёр өөр ертөнц гэсэн үг биш л дээ, учир нь би зүгээр л хөлбөмбөгт маш их хайртай. Угаасаа ч Өмнөд Америкийн тоглогчид тэс ондоо шүү дээ. Хэдэн жилийн өмнө Карлос Тэвэс яг тийм байсан, Серхио Агуэро ч мөн адил.
Хөлбөмбөгийн тоймч, Сэтгүүлчдийн Холбооноос улирлын шилдэг тамирчны шагнал авсанд тань баяр хүргэе. Энэ шагнал танд ямар ач холбогдолтой байсан бэ?
Танд маш их баярлалаа. Мэдээж өмнөх улиралд болсон бүхний дараагаар энэхүү шагналыг хүртэнэ гэдэг үнэхээр зүйрлэшгүй байсан. Дээрээс нь сүүлийн жилүүдэд манай багийн тоглогчид энэхүү шагналын төлөө тэр болгон өрсөлдөж байгаагүй учир клубын хувьд ч гэсэн чухал үйл явдал болсон байх.
Тэгвэл манай орны хөлбөмбөгийн тоймч, сэтгүүлчдийн талаар одоо юу бодож байна даа?
Интэрнэт болон сонин сэтгүүлээр өөрийнхөө талаар шүүмжлэлийг харах нь хэцүү цаг үе байсан. Гэхдээ чи бүхнийг мартаад багийнхаа төлөө бүх хүчээ дайчлаад ажиллах юм бол бүх юм байрандаа ордог юм байна лээ. Одоо бол би Английн сэтгүүлч нарыг сайн мэднээ.
Та одоо Гарэт Бэйл, Робин Ван Перси, Уэйн Рүүни, Стивен Жэррард, Криштиано Роналду, Тьери Анри, Ливэрпүүлийн домог Жон Барнс гэх зэрэг хүмүүстэй нэг эгнээнд орох болсноо мэдэж байгаа биз дээ?
Хөлбөмбөгчдийг үнэлж, дотроос нь хэн нэгнийг шилдгээр шалгаруулах хэцүү байх гэж боддог. Сүүлийн хэдэн долоо хоногт сэтгүүлчид миний хийсэн бүхнийг өндрөөр үнэлж тэдгээр агуу тоглогчдийн адилаар тодруулж шагнасанд би маш их талархаж байна. Гэхдээ миний бодлоор Ливэрпүүл ийм хэмжээнд байгаа цагт бид бүхнийг ялж чадна.
Өнгөрсөн улиралд Ливэрпүүл клубын хэмжээнд гарсан дэвшлийг товчхон тодорхойлно уу?
Мэдэхгүй юм. Их эгзэгтэй хэцүү улирал болсон шүү дээ. Учир нь Лиг эхлэх үеэр бол бид ТОП4-т орохыг гол зорилгоо болгож байсан. Тэгээд дараа нь бид хожоод, хожоод л байсан. Лигийг тэргүүлж байсан Чэлси оноо алдсан, дараа нь Манчэстэр сити ч оноо алдаад эхэлсэн. Бидэнд аварга болох боломж гараад ирсэн. Гэвч бид Чэлсид хожигдсон. Бидэнд боломж байгаа гэдгийг мэдэж байсан боловч дараа нь Кристал Паластай тэнцчихсэн. Үнэхээр маш хэцүү байсан л даа. Гэхдээ гол нь хөлбөмбөгт яг юу болохыг хэн ч тааварлаж чаддаггүй шүү дээ.
Кристал Паластай тэнцсний дараахи таны гутралыг бид харсан. Тэр үед таны толгойд юу бодогдож байв?
Би маш их гуниглаж байсан. Лигийн төлөө гэхээсээ илүү тоглолтонд хожигдсон нь хэцүү санагдсан. Учир нь чи хэзээ ч сүүлийн 10 минутанд 3 гоол алдаж болохгүй. Дээр нь Ливэрпүүл сүүлийн 24 жилд Лигтээ аваргалж чадаагүй байсан болохоор сайхан боломжийг бид сүүлийн 10-хан минутын дотор гараасаа алдсан учир надад маш хэцүү байсан юм.

Тэр их гуниг зөвхөн таных байсан уу? Эсвэл энэ нь таны багийнхаа төлөө юу мэдэрдгийн жишээ байв уу?
Би хөлбөмбөгт маш их хайртай учир тоглолтонд хожигдох болгонд хэцүү байдаг. Мэдээж дандаа уйлж болохгүй учир би сэтгэлээ барьдаг. Гэвч хөгжөөн дэмжигчдэд ч гэсэн үнэхээр хэцүү байсан учир би сэтгэлээ барьж дийлээгүй юм. Багийн найзууд маань надад туслаж, "Луис тайвшир аа, март" гэж хэлж байсан ч надад үнэхээр хэцүү байсан.
Ливэрпүүл дэх Луис Суарэзийн дараагийн зорилго юу вэ? Ирэх улиралд та нар дотоодын Лигт болон Тивийн хэмжээний аваргын төлөө гол өрсөлдөгч байхын төлөө юу хийх вэ?
Сүүлийн 4-5 жилийн туршид завсардсан учир ирэх намар Аваргуудын Лигт анхаарлаа хандуулах нь мэдээж. Мөн хэзээ ч юу ч болж мэдэх, өрсөлдөөн дүүрэн Премьер Лиг байна. Манчэстэр сити, Чэлси зэрэг багууд. Мөн Манчэстэр юнайтэд гээд хэцүүхэн өрсөлдөгчидтэй дахин тулна. Хөлбөмбөгт юу ч тохиолдож болно. Тэгэхээр урьдчилан тааварлана гэдэг боломжгүй.
Зарим мэргэжилтэн ирэх улиралд танай гол өрсөлдөгчид илүү сайн бэлдэх учир та нарт илүү хэцүү байх болно гэж үзэж байна. Таны бодлоор Ливэрпүүл бусдаас дутахгүйгээр бэлдэж чадах уу?
Тиймээ, мэдээж. Бид тайван, анхаарлаа төвлөрүүлэх хэрэгтэй. Тэгээд бид энэ хэмжээндээ байх юм бол ТОП 4-т найдвартай багтана. Өнгөрсөн улирлыг мартаж, ирэх улиралд хүчээ төвлөрүүлэх хэрэгтэй.
Таны хувьд “Ливэрпүүлийн Домог” хэмээн үнэлэгдэх нь хэр чухал вэ?
Багадаа би Ливэрпүүлийн талаар тийм ч их мэддэггүй байсан. Харин 4 жилийн өмнө анх удаа Фэрнандог харахад тэр маш гоё тоглолт үзүүлж, маш олон гоол оруулдаг байсан. Тэгээд одоо би түүний байрлалд тоглож байгаа нь надад үнэхээр сайхан санагддаг. Энэ бол үнэхээр зүүд шиг байдаг. Учир нь манайх агуу цэнгэлдэхтэй, хөгжөөн дэмжигчид маань үргэлж 12 дахь тоглогч шиг байдаг. Тэд бидэнд юу хэрэгтэйг сайн мэддэг болохоор бидэнд маш их дэм өгдөг юм.
Тэгэхээр та сүүлд зурсан гэрээнийхээ дараа ч гэсэн энд үлдэхийг хүсч байна гэж ойлгож болох уу?
Би Ливэрпүүлд маш аз жаргалтай байгаа учраас шинэ гэрээ байгуулсан юм аа. Хэрвээ тийм биш л бол гэрээ байгуулах ч хэрэггүй.
Тэгвэл таныг Ливэрпүүлээс явж магадгүй тухай энэ их ярианы талаар юу бодож байна?
Би энэ талаар ярих болгонд хүмүүс маш том болгож хүлээж авдаг л даа. Миний хувьд хүмүүс сонин сэтгүүлд юу бичснийг бус миний өөрөө юу хэлсэн гэдгийг үнэн утгаар нь зөв ойлгоосой гэж хүсч байна. Заримдаа би зүрхэндээ байгаа бүхнээ бүрэн илэрхийлж чаддаггүй ч, би Ливэрпүүлд маш их аз жаргалтай байгаа. Манай багийн андууд, Аваргуудын Лигийн хүлээлт, клубын ажилтан, хамт олон гээд энд надад бүх юм сайхан санагддаг.
Ливэрпүүл клуб болон таны карьерт ийм их үүрэг гүйцэтгэсэн энэхүү дасгалжуулагчийн хамтаар та өөрийн хүссэн оргилуудад хүрнэ гэдэгтэй итгэлтэй байна уу?
Тиймээ, мэдээж. Хувцас солих өрөөнд байхад хэн ч өөрийгөө бусдаас илүү гэж боддоггүй, бүгдээрээ сайхан хамтарч ажилладаг. Миний мэдэхийн бусад хувцас солих өрөөнд “би бусдаас илүү”, эсвэл “илүү байх ёстой” гэсэн бодол байнга эргэлдэж байдаг болхоор манай багийн сэтгэл зүй надад хамаагүй дээр байдаг юм.
Брэндан Рожэрс зөвхөн танд зориулж хувиасаа юу хийсэн бэ?
Тэр намайг өсч дэвжихэд маш их тусласан хүн. Бэлтгэлийн талбай дээр тэр дандаа бөмбөгийг өөрөө авч, пасс өгч, өөрөө оролцож ажилладаг болохоор тоглогчидтойгоо дотно харьцаа үүсгэж чаддаг. Тэр маш сайн дасгалжуулагч.
Стивэн Жэррард таныг надтай хамт тоглож байсан хамгийн шилдэг тоглогч хэмээн хэлсэн байсан. Харин та түүний талаар юу хэлэх вэ?
Миний хувьд мөн адил тэр бол хамгийн шилдэг тоглогч. Би бас Филиппэ Коутиньог нэрлэмээр байна. Яагаад гэвэл тэр хоёр маш саруул ухаантай. Стиви бол Ливэрпүүлийн түүхэн дэх хамгийн агуу тоглогч, багийн нөхдөдөө, хамтрагч нарт, клубын ажилтнуудад маш их тусладаг. Жинхэнэ ахлагчийн үлгэр жишээ гэдгийг хүн бүр мэднэ.
За ингээд улирал ч дууслаа. Одоо Бразилд Стивэн Жэррардын эсрэг тоглолт хийхээ хэр их хүлээж байна даа?
Мэдээж би өөрийн эх орны төлөө, тэр ч бас эх орныхоо төлөө тоглож байгаа учир хэцүү л дээ. Талбайгаас гадуур бол бид үнэхээр сайн найзууд. Гэхдээ талбай дээр тэр намайг өшиглөх юм бол би түүнийг өшиглөх л болно. Энэ бол хөлбөмбөгт байдаг л зүйл.
Ер нь ДАШТ эхлэхийг та хэр их хүлээж байна даа?
Мэдээж Уругвай бол маш сайн баг. Сүүлчийн ДАШТ -нд бид маш сайн тоглолт үзүүлж, хэн ч таамаглаагүй байхад шөвгийн 4-т үлдсэн. Энэ удаа бид тайван байж, өөрийн чаддагаа үзүүлэх юм бол амжилттай тоглож чадна. Харин хүмүүс “Уругвай хүчтэй. Уругвай хамгийн шилдэг нь” гээд байх юм бол юу ч бүтэхгүй.
Танай хэсгээс ямар багууд гарах бол? Англи, Уругвай уу?
Мэдэхгүй ээ.